Вэб сайт хийх үйлчилгээ

Вэб хостинг гэж юу вэ?

Таны вэбийн тасралтгүй, найдвартай ажиллагааны баталгаа
Вэб хостинг гэж юу вэ? : Вэбсайт, интернэт технологийн тухай блог

Та вэб сайтаа хийж дууссан бол таны дараагийн алхам буюу вэбсайтаа интернэтэд байршуулахад тань энэ нийтлэл тус болно гэж найдаж байна.

Вэб хостинг (web hosting) буюу байршуулах үйлчилгээ гэдэг нь таны вэбсайтыг интернэтэд байрлуулах үйлчилгээ юм. Тодруулбал ямар нэгэн вэб байршуулах үйлчилгээ эрхэлдэг компаний дата төвд байрлах вэб-сервер (web server) буюу супер компьютерт таны вэбийг байрлуулна гэсэн үг.

Вэб сайтыг хийж байх явцад таны суурин компьютер дээр л хадгалагдсан байгаа учир зөвхөн танд л харагдана. Харин сайтаа урлаж дуусгаад интернэт орчинд онлайн хэлбэрт шилжүүлэхийн тулд та интернэтийн үйлчилгээ үзүүлж байгаа компаниасаа REAL IP хаяг аваад, гэрийн эсвэл ажлын суурин компьютер дээрээ сервер програм суулгаж тохируулан өөрийн вэб сайтаа байрлуулж болох боловч энэ нь ихээхэн төвөгтэй асуудал, зардал дагуулдаг. Таны компьютер 24х7х365 хоногийн турш асаалттай, өндөр хурдны интернэтэд байнгын холбогдсон байх шаардлагатай байдаг. Иймээс ч найдвартай, аюулгүй ажиллагаатай мэргэжлийн вэб байршуулах үйлчилгээг сонгон сайтаа байрлуулж, домэйн нэрийг холбон тохируулснаар интернэт хэрэглэгчид таны вэб сайт руу хүссэн үедээ зочлох боломжтой болдог.


Хостинг серверүүдүүдийн ангилал

Хостинг компаниудын үзүүлж байгаа үйлчилгээний төрөл, вэб байршуулах зарчмаар нь хостинг серверүүдийг дотор нь дараах байдлаар ангилдаг:

Дундын сервер (Shared Hosting)

Дундын сервер нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг хостинг бөгөөд үнийн хувьд хамгийн хямд, серверийг удирдахад тусгай мэргэжил мэдлэг бага шаарддаг. Удирдлагын самбар нь энгийн бөгөөд ойлгомжтой. Нэг вэб сервер дээр олон үйлчлүүлэгчдийн веб сайтуудыг байрлуулдаг.

Виртуал буюу хийсвэр сервер (Virtual Private Server, VPS)

Бодит буюу физик нэг серверийг програмын аргаар хэд хэдэн серверүүдэд хуваагаад, хуваагдсан жижиг виртуал сервер бүр дор бүрнээ физик сервер мэт ажилладаг давуу талтай. Та аюулгүй байдлын хувьд найдвартай, root эрхтэй нэг VPS серверийг бусадтай хуваалцахгүйгээр ганцаараа эзэмших тул бусад хүмүүсийн вэбсайтууд таньд ямар нэгэн хэмжээгээр нөлөө үзүүлэхгүй гэсэн үг. Серверийн үйлдлийн систем, програм хангамжийг солих, аккаунтууд үүсгэж серверийн тодорхой хэмжээний нөөцийг тэдэнд хуваарилах, олон тооны домэйн холбох давуу талтайгаас гадна серверийн нөөцийг хүссэнээрээ ашиглах, удирдах өргөн боломжуудтай. Дутагдалтай тал нь, дундын сервертэй харьцуулахад үнэ өртөг өндөр, серверийг удирдах, тохируулахад техникийн тусгай мэдлэг мэргэжил шаардагдана. Энэ төрлийн сервер нь серверийн процессор, шуурхай санах ойн хүчин чадал зэрэг техникийн өндөр үзүүлэлт шаардсан, хурдтай, идэвхтэй хөгжиж байгаа вэб төслүүдэд тохиромжтой.

Физик буюу зориулагдсан сервер (Dedicated Server)

Энэ нь үнийн хувьд хамгийн үнэтэй бөгөөд дата төвд байрлах нэг серверийг та хэнтэй ч хуваалцахгүйгээр дангаараа эзэмших буюу серверийн бүхий л техникийн хүчин чадал зөвхөн таны вэбсайтын ажиллагаанд зориулагдах тул хамгийн аюулгүй, үр дүнтэй, найдвартайд тооцогддог. Та вэб сервер буюу супер компьютер худалдаад авчихлаа л гэсэн үг. Физик серверийн configuration тохиргоо нь 100 хувь таны мэдэлд байх бөгөөд та дурын үйлдлийн систем, програм хангамж суулгах, тохируулах боломжтой. Сул тал: өндөр үнэтэй, серверийг ажиллуулахад тусгайлсан өндөр мэдлэг мэргэжил шаарддаг, хостинг компаниудын зүгээс техникийн дэмжлэг ихэнхдээ үзүүлдэггүй. Зориулагдсан сервер нь томоохон төсөвтэй вэб төсөл, маш их хандалт, ачаалалтай мэдээллийн портал сайт болон онлайн дэлгүүрүүдэд тохиромжтой.

Үүлэн технологид суурилсан вэб байршуулах үйлчилгээ (Cloud Server)

Үүлэн технологи дээр суурилсан вэб байршуулах үйлчилгээ гэж хэд хэдэн физик серверүүдийг хооронд нь холбон нэг бүхэл супер компьютер мэт ажиллуулах бөгөөд үүн дээрээ VPS үүсгэхийг хэлнэ. Энэ үүсгэсэн VPS серверийн нөөцийг хувааж ашигладаг. Нөөц нь нэг сервер дээр байрших бус хэд хэдэн физик серверүүд дээр тарж байршдаг юм. Аль нэг төхөөрөмж нь завгүй байх эсвэл ажиллагаа нь доголдсон тохиолдолд бусад нь трафикийг хүлээж авснаар үүлэн серверийн найдвартай ажиллагаа хангагддаг. Тухайн вэбсайт нь серверийн нөөцийг хэр хэмжээтэй ашигласнаас шалтгаалж өртөг бодогддог тул үнийг урьдчилан тооцоход төвөгтэй.

Сервер байршуулах үйлчилгээ (Co-location)

Co-location гэж хэрэглэгчийн төхөөрөмж буюу сервер компьютерийг вэб байршуулах үйлчилгээ үзүүлэгч компани өөрийн дата төвд байршуулах үйлчилгээг хэлнэ. Хостинг компани нь найдвартай эрчим хүч, өндөр хурдны интернэт холболт, техникийн болон хүний хүчин зүйлийн хяналт хамгаалалтыг хариуцдаг. Сервер байршуулах үйлчилгээ нь маш том вэб төслүүдэд тохиромжтой.

Танд энэ үйлчилгээний талаар асууж тодруулах зүйл байвал 99096157 утас эсвэл info@webmasteruud.com хаягаар хандана уу. Холбоо барих

Вэб сайт хөгжүүлэх үйлчилгээ

Copyright © 2011-2024 Инфо Бит ХХК

9909 6157 Холбоо барих